БАРУУН МОНГОЛ, ТҮҮНИЙ ХИЛ ЗАЛГАА НУТГИЙН БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, АРД ТҮМНИЙ ТҮҮХ, СОЁЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ


 

Монгол орны баруун бүс нутгийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв Ховд их сургуульд, энэ жил 12 дахь удаагийх нь болж байгаа Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн их сургуультай хамтран 2 жилд нэг удаа зохион байгуулдаг “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.

Хурал Байгалийн нөхцөл байдал, байгаль ашиглалт, Экосистем, байгаль хамгаалал, Байгаль шинжлэлийн орчин үеийн асуудлууд, шинжлэх ухаан, технологийн дэвшил, Архелоги, угсаатны зүй, Бүс нутгийн ард түмний түүх, Соёл, боловсролын асуудал, Бүс нутгийн ард түмний хэл, аман зохиол, Бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил гэсэн чиглэлүүдээр олон улс, орон нутгийн төр захиргаа, байгаль орчин, нийгэм хүмүүнлэгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачдын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Тус хурлын зорилго нь Баруун Монгол, түүний хил залгаа нутгийнсудалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоход оршиж байна.

ХИС-ийн захирал Ж. Янжмаа, ХИС байгуулагдсан цагаасаа эхлэн энэхүү хурлыг гадаад дотоодын улс орнуудын нийгэм, эдийн засаг, аж ахуйн салбарууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай, ялангуяа ОХУ-ын их дээд сургуулиудтай хамтран Монгол орны Баруун бүс нутгийн байгаль экологийн нөхцөл, хүн зоны нийгэм-эдийн засаг, хэл соёл, боловсрол, түүх, угсаатны зүй, ёс зан заншил, уламжлал зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг орчин үеийн дэвшилтэд онол аргазүйтэй холбон, шинжлэх ухааны өргөн цар хүрээтэй судлан шинжилж, практикт нэвтрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах, олон түмний хүртээл болгох талаараа чухал нөлөөтэйг хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, АНУ, ХБНГУ болон орон нутгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага аж ахуй нэгж байгууллага, сургуулийн 120 иод судлаачид оролцож эрдэм шинжилгээний ажлын үр дүн, илтгэлүүдээ хэлэлцүүлж байна.