Шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэнэ


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар өнөөдөр (2019.05.13) Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын хэмжээнд нийт төрийн өмчийн 23 эрдэм шинжилгээний байгууллагад 1750 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Энэ өдөр Мал эмнэлгийн, Хими-хими технологийн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр холбогдох хүмүүст үүрэг, даалгавар өглөө.

 

 

Дэлхийн нэр хүнд бүхий судалгааны сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүлэл, түүнээс авсан эшлэлийн тооны өсөлтөөр Ази тивийн 46 улсаас Монгол Улс 19 дүгээр байрт явж байгаа нь гуравхан сая хүнтэй, хоёр мянга хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд өндөр үзүүлэлт гэдгийг судлаачид онцолж байна. Гэхдээ шинжлэх ухааны салбарын төсөв хангалтгүй явж иржээ. Улс орнууд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.0 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулж байхад манай улс дөнгөж 0.1 хувийг зарцуулдаг байна. Шинжлэх ухааны академи нийт төсвийнхөө 80 гаруй хувийг цалин, урсгал зардалд зарцуулдаг бол 20 хүрэхгүй хувь нь эрдэм шинжилгээний ажилд ногддог байна. Гэтэл энэ оны эхнээс цалин нэмсэн ч цалингийн сүлжээнээс үүдэлтэй өр үүссэн нь тулгамдсан асуудлуудын нэг болсон гэж ШУА-ийнхан ярьж байна.

 

 

Хүрээлэнгүүдэд тулгамдаж буй нийтлэг бэрхшээлийн нэг нь тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал байлаа. Нийт тоног төхөөрөмжийн 80 орчим хувь нь хуучин, хуучивтар гэгдэх болсны зэрэгцээ 289 эрдэм шинжилгээний ажилтан компьютергүй байгаа гэнэ. Хөрөнгө оруулалт, судлаачдын цалин хангамж бага, шинжлэх ухаан-үйлдвэрлэл уялдаатай хөгжихгүй байгаагаас өндөр хөгжилтэй орнуудад суралцаж төгссөн залуусаа ч татан авчрахад хүндрэлтэй байдаг байна. Тиймээс салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг өсгөж, гарааны компаниудыг дэмжих, хүрээлэнгүүдийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг УИХ-ын даргаас хүслээ.

 

Салбарын бүтцийг оновчтой болгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх, старт-апп компаниудад түшиглэсэн үйлдвэрлэл-бизнесийг хөгжүүлэх зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, Монголын төр эрдэмтэн, судлаачдаа дэмжинэ гэж амлалаа.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг салбарт хуримтлагдсан олон асуудлыг үе шаттай шийдэхийн төлөө ажиллана. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэж байна. Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хүрээлэнгүүд зарим талаар бие дааж, орлого олох, инноваци, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж нээгдэнэ гэлээ.  

Эрдэмтэн судлаачид төрийн өндөрлөг, салбарын сайд ойрын жилүүдэд Шинжлэх ухааны академиар зочлоогүй болохыг онцолж, монгол эрдэмтдийн оюуны бүтээлийг үнэлж, амьдрал ахуйд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бий болгохыг хүсэж байлаа.