Шинжлэх ухаан, технологийн сан нь судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг орон нутагт таниулах, түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээний аяныг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү ажлын эхлэлийг тавьж “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ АЯН”-ыг БШУЯам, ШУА, СЭЗИС, МУИС, ШУТИС, ХААИС болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Инноваци технологийн төвтэй хамтран 2022 оны 01 сарын 21-22 өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгууллаа.
Аяны үйл ажиллагаанд БШУЯамны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Баттогтох, ЗГ-ын тусгай сан-Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Шинжлэх ухааны академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Инноваци технологийн төвийн гүйцэтгэх захирал Б.Баяржавхлан, Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Б.Мөнхбаяр, ШУА-ийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх, ШУТСангийн хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ, ШУА-ийн удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Сувданцэцэг зэрэг албаны хүмүүс төлөөлөгчид оролцлоо.
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян”-ны хүрээнд эхний өдөр “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн-Ингэний айрагны баяр-2022” экспо үзэсгэлэнг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамт зохион байгуулав.
Экспо үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 17 байгууллагын судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон ном бүтээл, хүн, малын урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, уламжлалт эм тан, биологийн идэвхт бүтээгдэхүүн, байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл, ахуйн нөхцөлд хэрэглэх боломжтой төрөл бүрийн эфирийн тос, агаар үнэртүүлэгч, био хэт хүчиллэг ус, ургамал хамгааллын бодис, хөрсний төрөл бүрийн бордоо, байгалийн ховор чулуугаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ. Энэ үеэр орон нутгийн иргэд сонирхсон бүтээгдэхүүний талаар эрдэмтэн, судлаачдаас мэдээлэл авч худалдан авалт, захиалгууд хийгдсэн.
Аяны 2 дахь өдөр “Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Зочин илтгэлээр дараах илтгэлүүд танилцуулагдлаа.