МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛЬД ОЮУТНЫ “УНИВЕРСИАД” НААДАМ ЭХЭЛЛЭЭ


 
Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадам Завхан аймгийн төв Улиастай хотноо 2015 оны 9 сарын 25-27-нд явагдана.

Наадмыг Завхан аймгийн ЗДТГазар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн Завхан сургууль, Төрийн банк хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн наадам нь Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлог юм.

Тус наадамд 5 аймгийн их, дээд сургуулийн багууд, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багууд урилгаар нийтдээ 6 багийн 300 орчим баг тамирчид оролцож байна. Үүнд: Ховд аймгийн их сургууль, АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, МУИС-ийн Завхан сургууль, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Оюутан тамирчидын бүсийн “Универсиад” их наадам нь сагсан бөмбөг /эр, эм/, элсний волейбол /эр, эм/, модон бөмбөг /эр, эм/, шатар /эр, эм/, ширээний теннис /эр, эм/ үндэсний бөхийн зэрэг спортын 6-н төрлөөр явагдана. Наадмын үеэр урлагийн 5 төрлөөр оюутнууд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх ба оюутны эрдэм шинжилгээний их хурал “Биеийн тамирын сургалтанд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр зохиогдож, бүсийн оюутан миссийг шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн захирал, удирдлагууд дунд ажил хэргийн уулзалт, ярилцлага зохион байгуулагдах юм.