Шинжлэх ухааны ажилтнууд анх удаа чуулна


Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл хэмээн үзэж энэхүү их хурлыг анх удаа зохион байгуулах гэж буй юм. Энэ талаар БСШУСЯ, ШУА, ШУТС, СУИС, Монголын их дээд сургуулиудын консерциум хамтран өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус их хуралд шинжлэх ухаан, инновац, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нийт 800 төлөөлөгч оролцоно. Энэхүү хурлаар шинжлэх ухааны салбарынхан өнгөрсөн хугацаанд тус салбарын ололт амжилт, цаашид хэрхэн хөгжих, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлох юм.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат: Анхдугаар их хурлыг угтан шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэх, өөрсдийн олсон орлогоо зарцуулах эрхтэй болгох, шилдэг судлаачдыг санхүүжүүлэх тогтолцоог бий болгох, дэлхийд оюуны бүтээлээрээ танигдсан эрдэмтэн судлаачийг төр засгаас дэмжих тогтоолын төслийг боловсрууллаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан тамирчид, урлагийнхныг төрөөс дэмждэг мөртлөө эрдэмтдээ дэмжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл анхдугаар их хурал шинжлэх ухааны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл: Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш 98 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар анхдугаар их хурлаа хийх гэж байна. Шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд томоор бичигдэх түүхэн үйл явдал хэмээн бид үзэж байгаа. Манай шинжлэх ухааны салбарын материаллаг бааз, хүний нөөц нэлээн хоцрогдсоор өнөөдрийг хүрсэн. Засгийн газраас энэ салбарын материаллаг баазыг бэхжүүлэх цаг болсон. Дэлхийн мэдлэгийн санг баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдаа Засгийн газраас хэрхэн дэмжих талаар ярьж эхэлсэн нь үнэхээр баярлууштай юм. Монгол Улсынхаа шинжлэх ухааны салбарыг өндөрт гаргах, дэлхийд танигдсан Монголын шилдэг эрдэмтдийг эх оронд нь авчрах, шинжлэх ухааны байгууллагуудад ажиллуулах асуудлыг энэ хурлаар ярилцана гэж бодож байна. Тэд Монголдоо ирж ажиллавал Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд илүү хувь нэмэр оруулах нь тодорхой. Энэ мэтчилэн их хурлаар шийдэх, хөндөх олон асуудал бий. Энэ их хурал Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна. 

 Монголын их дээд сургуулиудын консерциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: Монгол Улсад 95 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 17 нь төрийн өмчит, 3 нь гадаадын хөрөнгө оруулалттай, бусад нь хувийн өмчит сургууль юм. Саяхан Засгийн газраас судалгааны их сургуулийн хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд их сургуулиуд юун дээр уялдаж ажиллах вэ гэдгийг энэхүү хурлаар шийдэж тодорхой шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна.  Монгол Улсын шинжлэх ухааны салбар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг авч яваа, их сургуулийн профессоруудын нуруун дээр тогтож байгаа. Тэд судалгааны ажлынхаа төлөвлөгөөг гаргаад, шаардлагатай санхүүжилтээ босгоод, судалгааны ажлаа хэрэгжүүлэн тайлангаа гаргаж ажилладаг. Тиймээс судлаачдыг төр засгаас хэрхэн дэмжих, их сургуулиуд ямар бодлогоор ажиллах талаар тун удахгүй болох их хурлаар хэлэлцэнэ.

Анхдугаар их хурлын нээлт нэгдсэн хуралдаан “Хандлагаа өөрчилье” уриан дор энэ сарын 27-нд Төрийн ордонд, шинжлэх ухааны хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг сэдвээр энэ сарын 26-нд МУИС, АШУҮИС, ШУТИС, СУИС-ийн хурлын танхимд салбар хуралдаан болно. Тус их хурлаас нэгдсэн зөвлөмж уриалга гаргах аж.

Эх сурвалж: montsame.mn