Улс орны хөгжих үндэс нь хүн хүч, нөөц баялаг, гадаад хамтын ажиллагаанд тулгуурласан шинжлэх ухаан, технологийн бодлоготойгоор соёл боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, эдийн засгаа дэс дараатай, алс ирээдүйг харж хөгжүүлэх явдал юм. Шинжлэх ухаан технологийн алсыг харсан бодлого боловсруулж, амжилттай хэрэгжүүлэхэд дараах хүчин зүйл нөлөөлнө.
Нэг. Эх оронч сэтгэлтэй, өргөн боловсролтой, ажилсаг хүн шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тулгуур хүчин зүйл юм. Бэлтгэж буй мэргэжилтнүүдийнхээ онолын мэдлэг, бүтээлч ур чадварыг эрс дээшлүүлэх, боловсон хүчин, хүн амын ажиллах чадварыг бүрэн дайчлах, амжиргааны түвшинг дээшлүүлэх эдийн засгийн хөшүүргийг зөв олж тогтоох нь төр засгийн чухал зорилтын нэг байх ёстой. Боловсролын тогтолцоо, сургалтын агуулгыг өргөжүүлэн шинэчилж, дунд сургуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний аль нэг салбарт ажиллах мэдлэг, зохих дадлагатай, их дээд сургуулиар дэлхийн аль ч орны тухайн чиглэлийн мэргэжилтэнтэй эн зэрэгцэхүйц оюуны хөгжил, мэргэжлийн ур чадвартай ажилсаг, эрүүл чийрэг мэргэжилтэнг хэрэгцээндээ тулгуурлан тодорхой тоо, чиглэлийн дагуу бэлтгэх шаардлагатай байна.
Хоёр. Газрын хөрсөн дээр урган төлжиж, үржиж байдаг “Нөхөн сэргээгдэх нөөц баялаг” нь шинжлэх ухаан технологийн дэвшлийн нэг хүчин зүйл юм. Жилийн 300 шахам өдөр нь нартай байдаг хангай, хээр тал, говийн бүсэд ус, нар, салхийг эрчим хүч болгон ашиглах нь нэн тохиромжтой. Мал сүрэг, газар тариалангийн баялаг өгөөж нь хөгжил дэвшлийн “тасралтгүй” үргэлжлэх мөн чанар агуулдаг. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалан байгаль, ус, ургамлаа хамгаалж, ойжуулах, байгалийн онцгой төрх, бэлчээрийн малын генфондыг хэвээр хадгалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, зэрлэг ан амьтдыг өсгөн үржүүлж, сэлгэн нутагшуулах, гаршуулах зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал байна.
Малын үүлдэр угсааг сайжруулж, эрүүлжүүлэх, ашиг шимийг нь дээшлүүлэх, мах, сүү, ноос, ноолуур, арьс ширийг хамгийн сүүлийн үеийн технологиор боловсруулах, түүхий эд бэлтгэн нийлүүлдэг системийг шинэчилж өөрчлөх асуудал чухал боллоо. Хром агуулсан бодисоор арьс шир идээлдэг хортой технологиос дэлхийн нийт татгалзаж био органик идээлгийн бодис хэрэглэх болсон. ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн мэргэжлийн эрдэмтэн судлаач бид 2013 оноос дэлхийд энэ чиглэлээр тэргүүлж яваа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв болоод дотоодын компаниудтай хамтран судалгаа туршилт явуулан, монгол малын арьс ширийг био органик идээлгийн бодисоор идээлж боловсруулах технологийн цоо шинэ горим тогтоогоод байна. Энэ технологи идээлэх хугацааг 48 хувиар бууруулж, хэрэглэх ус 50 хувь, давс 80 хувь, эрчим хүч зарцуулалтыг 35 хувь хэмнэхийн дээр, хэрэглэсэн усаа дахин ашиглахуйц цэвэршүүлсэн зэрэг олон давуу талтай нь батлагдсан. Мөн бодын 1000 ш арьс тутамд 12 сая төг хэмнэж байгаа юм. Ноос, ноолуур боловсруулах, үйлдвэрлэх тал дээр ч манай эрдэмтэн судлаачид орчин үеийн дэвшилтэд шинэ технологи нэвтрүүлсээр байна.
Гурав. “Нөхөн сэргээгдэхгүй нөөц баялаг” болох ашигт малтмал, эрдэс, түүхий эд нь технологийн давшил, манай улсын хөгжлийг урагш түргэн ахиулж, эдийн засгийн чадавхиа дээшлүүлэхэд онцгой чухал хүчин зүйл боллоо. Ашигт малтмалын дотроос технологийн дэвшлийн “стратеги” ач холбогдолтой эрдэс түүхий эдийг хамгийн оновчтой ашиглах “түлхүүр технологи”-ийг олж аль болох эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүрэн төгс боловсруулах чиглэлийг баримтлах хэрэгтэй байна. Гадаад, дотоодын ашигт малтмал олборлогчдод лиценз нэрээр үнэт түүхий эд, байгалиа өгч сүйтгүүлж байгааг төр засаг анхааралдаа авч илэрсэн зөрчлийг бүрэн арилгах хэрэгтэй. Томоохон ордуудаа ашиглаж байгаа ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хүрээгүй байгаа нь даанч харамсалтай.
Дөрөв. Монгол орны экологийн ариун тансаг орчин нь шинжлэх ухаан технологийн дэвшлийн нэгэн хүчин зүйл мөн. Байгалийн унаган төрхөөрөө байгаа газар нутаг нь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит боломж агуулж байгаа юм. Энэ бүхний зэрэгцээ гадаад орнуудтай тогтоосон бүх талын хамтын ажиллагаа нь манай улсын хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшилд тодорхой үүрэг гүйцэтгэж ирэв. Энд төр засгийн оновчтой мэргэн бодлого, хамтран ажиллах хууль эрх зүйн орчин, мэргэжлийн хүмүүсийн мэдлэг чадвар, ажил хэрэгч чанар гол үүрэг гүйцэтгэнэ.
Дотоод, гадаад бүхий л бодит боломж нөхцөлдөө тулгуурлан шинжлэх ухаан технологийн дараах чиглэлийг улс ардын аж ахуйг хөгжүүлэх “тулгуур” болгож нөхөн сэргээгдэх ба сэргээгдэхгүй нөөц баялгаа боловсруулах, оновчтой зөв ашиглах үндэсний уламжлалт болон үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, хими, биотехнологи, нано (пико) технологи, мэдээллийн технологи, металлург машин үйлдвэрлэлийн технологи, эрчим хүчийг гарган авч оновчтой зөв ашиглах технологи, тоног төхөөрөмжийг зөв сонгон хэрэглэх явдал мөн. Үүний тулд улс орныхоо соёл, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэр, хөдөө аж ахуй, эдийн засгийг хөгжүүлэх 40-50 жилийг хамарсан нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх асуудлыг улс төр, амин хувиа хичээгчдийн шунахай бодлоготой холилгүйгээр шийдвэрлэх ажлыг төр засгийн байгууллага, судлаач, үйлдвэрлэгчид хамтран амжилттай шийдвэрлэх хэрэгтэй болсон байна.
Монгол Улсын Ардын багш, Академич Ч.АВДАЙ