Академич Дондогийн овогт Бадрахын ЖАДАМБА: ИХ ХУРАЛД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ


Төр засгаас шинжлэх ухааны асуудалдаа анхаарал хандуулж эрдэмтдийн их хурлыг ивээж тэтгэн, зохион байгуулж байгаа нь энэ цаг үед тохиож буй онцгой нэгэн үзэгдэл болж байна.  Энэ бол    улс төрийн шийдэлд суурилсан  хөгжил  бүтэлгүй зүйл гэдгийг ухаарч, шинжлэх ухаанч  шийдэлд түшиглэн  хөгжих цаг  үе рүүгээ шилжиж буйн эхлэл  байж мэдэх юм.

Шинжлэх ухаанч шийдэлд түшиглэсэн хөгжил гэдэг   бол  “төр – ҮЙЛ - шинжлэх ухааны байгууллага”  буюу “улс төрчид –ҮЙЛ -  эрдэмтэд” гэсэн “арга – арга билиг – билиг”  лугаа гурвал бүтэц бүхий тогтолцооны хүрээнд үүсч өрнөн дэлгэрэх  үйл явц юм.  Эл  хөгжлийн хөдөлгөгч хүч буюу түүчээ нь төр буюу улстөрчид. Эхлэх, үргэлжлэх боломж нөхцөл, тохироог бүрдүүлэгч нь эрдэмтэд. Ажил хэрэг болгогч  нь төр ба шинжлэх ухааны байгууллагын, улс төрчид ба эрдэмтдийн хамтын ажиллагаа болох  ҮЙЛ юм. Энэхүү  ҮЙЛ болох хамтын ажиллагаа бол Монгол Улсын шинжлэх ухаанч шийдэлд түшиглэсэн  хөгжлийн хамгийн чухал тал буюу амин чанар юм. Тиймээс эрдэмтдийн их хурлаар төр ба улс төрчид шинжлэх  ухааныг хөгжүүлэх бодлогоо, шинжлэх ухааны байгууллага ба эрдэмтэд өнөөгийнхөө нөхцөл байдал,  санаагаа таниулахаас илүү төр ба шинжлэх ухааны байгууллага, улс төрчид ба эрдэмтэд яаж хамтарч, яаж хоршиж ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулан шийдэлд хүрч, түүнийг хэрэгжүүлэх талаар тодорхой шийдвэр  гаргах хэрэгтэй байна.

Үүний тулд бид Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэл зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс гэдгээаль аль талдаа ойлгон, бие биенээ хэрхэн дэмжин,   яаж    зон олноо соён гэгээрүүлж, Монгол Улсаа шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэх вэ гэдгийг илэн далангүй ярилцах шаардлагатай. Илэн далангүй ярилцлаж гэмээ нь бид Монгол Улсынхаа  шинжлэх ухаанд суурилан хөгжих өвөрмөц нэгэн гарцыг олох болно. Жишээлбэл, УИХ-ын гишүүн бүр албан ёсны зөвлөх  эрдэмтэнтэй байж болох.    Тэгвэл УИХ  батлах хууль,  гаргах шийдвэр бүхнийхээ шинжлэх ухааны үндэслэлийг  боловсруулдаг, тэдгээрийн  хэрэгжилтийн явц, үр дүнг шинжлэн судалдаг  76 эрдэмтэнтэй болно. Ингэснээр гарч байгаа хууль,  шийдвэр бүхэн нь шинжлэх ухаанд суурилна.

Мөн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, монголын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн төлөв,   дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагатай хэрхэн хоршуулан дэвжүүлж улс орныхоо хөгжлийн тулгуур үндэс болохуйцаар хөгжүүлэх талаар ярилцах цаг болсон. Учир нь өнөөгийн шинжлэх ухаан агшнаас агшинд асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж эрдэмтэн биднээс   сэтгэлгээ, аргазүй, хандлагаа өөрчлөхийг шаардаж байна.

Өнөөгийн  шинжлэх ухааны хөгжлийн онцлог шинж бол классик шатнаас  квант хийгээд синергетикийнхээ шатандаа  шилжин гүнзгийрч, салбарууд нь нэгсэн нэг болох тийшээ урагшлан   дэвжиж  байгаа явдал юм. Шинжлэх ухааны хөгжлийн энэхүү онцлог  нь нэг талаас, улс орнуудыг  шинжлэх ухааны талаарх номлол, бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замаа, нөгөө талаас, эрдэмтэн бүрийг өнөөгийн судалж буй зүйл, судалгаа шинжилгээний аргазүйгээ Монгол орны ахуй нөхцөл, дэлхий нийтийн шинжлэх ухааны хөгжил  хийгээд  “төр – бизнес – шинжлэх ухаан”, “хавсарга судалгаа – үйлийн судалгаа - суурь судалгаа”, “классик ухаан – синергетик ухаан – квант ухаан”, “ахуй ухаан – амь ухаан – амьдрахуйн ухаан”   гэсэн гурамсан холбооны  үүднээс эргэн харж өөрчлөн шинэчлэхийг шаардаж байна.  

Шинжлэх ухаан классик шатнаас квант хийгээд синергетикийн шатанд шилжин орж байгаатай холбоотойгоор  монголын уламжлалт соёл гадны судлаачдын  сонирхлыг ихээхэн татах боллоо. Үүний шалтгаан нь тэд квант /нэг буюу амьдрахуй/ болон синергетикийн /үйл буюу амь/ ухааны үр үндэс нүүдэлч монголчуудын мэдэрч сэтгэн, танин мэдсээр  бүтээсэн байгал соёлд байгааг ямар нэгэн байдлаар анзаарсантай нь холбоотой болов уу. Эрдэмтэн бүр монголынхоо уламжлалт байгаль соёлд анхаарлаа хандуулан судалгаагаа түүнтэй хоршуулан дэвжүүлэх замаар чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд зорих хэрэгтэй байна. Ингэх аваас өвөг дээдсийн өв соёл үнэ цэнтэй болж өртөгжин, эргэлтэнд орж шинжлэх ухааны хөгжлийг тэтгэхийн зэрэгцээ шинжлэх ухаан нь  Монгол Улсын эдийн засгийн олон эх үүсвэрийн нэг болж хувирах боломжтой болно.

Мөн шинжлэх ухааны салбарууд нийлж нэгэн болж байгааг анзаарч өнөөдөр бид Монгол Улс шинжлэх ухааны байгуулагуудынхаа бүтэц, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах тухайд эргэн харах шаардлагатай.  Ялангуяа төрөөс салбар тус бүрийн төсөл хөтөлбөр хийгээд салбар дундын төсөл хөтөлбөрийг дэмжихэд илүү анхаарах шаардлагатай байна. Эрдэмтэд ч судалгааны сэдэв, төсөл хөтөлбөртөө анхаарахаас илүү бусадтай, бусад салбарынхантай хамтран судлах сэдэв, төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх цаг нэгэнт болжээ. Эдүгээх өөр нэг өвөрмөц онцлог бол  онол ба практик, хавсарга судалгаа ба суурь судалгаа, шинжлэх ухаан ба амьдрал, шинжлэх ухаан ба бизнес  нийлж нэгдэн нэгэн болж байгаа явдал юм.  Эл байдлыг төр, эрдэмтэд, бизнес эрхлэгчид  онцгой анхаарч, тооцон үйл ажиллагаагаа өөрчлөн шинэчлэх хэрэгтэй.  Ялангуяа эрдэмтэд судалгаагаа цаг үе, ахуй амьдрал,  зон олны ажил бизнестэй уялдуулан өөрчилж, төр, түмэнд тустай болгохыг зорих учиртай юм. Ингэж чадах аваас шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн үнэлэмж сайжирна. Төр ба шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа бэхэжнэ. Шинжлэх ухаан, биенесийн байгууллага, эрдэмтэд ба бизнес эрхлэгчдийн холбоо, хамтын ажиллагаанд ахиц гарна. Төр, бизнес эрхлэгчдээс  шинжлэх ухаан, эрдэмтдэд үзүүлэх дэмжлэг сайжирна. Шинжлэх ухаан ард олны соён гэгээрэл, ахуй амьдралд тус дэм нь ирнэ. Шинжлэх ухаанд хандах төр, бизнес эрхлэгч, ард олны хандлага сайжирна.

Эх орон минь улс төрд биш шинжлэх ухаанд суурилан тэгш хөгждөг  тийм нөхцөл байдал энэхүү их хурлын дараа бий болно гэдэгт эрдэмтэд бид найдаж байна.

Академич Дондогийн овогт Бадрахын ЖАДАМБА