ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал академич Сампилдондовын ЧУЛУУН: ИХ ХУРАЛД ХҮРГЭХ ҮГ МИНУ


Монголд хөгжиж буй шинжлэх ухааны салбаруудын хамгийн ууган чиглэл нь түүхийн судалгаа юм. Монголын төрөөс түүхийн судалгааг төрийн ивээлд авч, түүх соёлын өвийг онцгойлон хамгаалж, судалгаа, сурталчилгаа, хадгалалт-хамгаалалтын цогц шийдлийг хийж өгөх ёстой. Бидний оршин байх дархлаа түүх соёлын судалгаа нь монголчуудыг бүс нутагт төдийгүй дэлхий дахинд гаргаж ирэх боломжтой. Монголын түүх судлалын өнөөгийн түвшинг онол арга зүйн шаардлага хангасан, эх баримт материалын цогц сан хөмрөгтэй хөгжүүлэхэд төрийн бодлого мухар хуруутай мэт байна. Түүх соёлын судалгаа нь шинжлэх ухааны нэгэн салбарын хөгжил төдий биш бүхэл бүтэн үндэстний төрхийг илтгэсэн байх ёстой. Чингис хаан, хаадын музейг байгуулах ажлын эхлэл нь энэ бүгдийг илэрхийлэх нэгэн үүд гэж төсөөлж байна.

Монгол судлалыг төрөөс анхаарч, монголын судлалын цар хүрээ, хамрах орон зайг өргөжүүлэхэд төрийн бодлого нэн чухал байна. Монгол судлал бол Монгол Улсын шинжлэх ухааны бодлогод тэргүүлэх үүрэгтэй явах ёстой. Монгол судлал монголын нэр төрийн хэрэг юм. Монгол судлалын төвийг Монгол Улсад байлгах, монголын судлаачдад судалгааны дэмжлэг үзүүлэх, салбар төвүүдийг олон улс орнуудын нэр хүнд бүхий газруудад байгуулах, монгол судлалыг Еврази, Дотоод Ази, Зүүн хойд Ази гэсэн бүс нутгийн хүрээнд идэвхжүүлэхэд Монгол улсын төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол судлалын голомт Олон Улсын Монгол судлалын Холбоогоо төр ивээлдээ авах ёстой.

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич  Сампилдондовын ЧУЛУУН